Хүнд металл

Нягт нь 5 г/см3-ээс илүү, атом масс нь 40-өөс дээш металлууд. Үүнд: Sc, Ti, V, Cr, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Ga, Rb, Sr, Y, Zr, Nb, Mo, Tc, Ru, Rh, Pb, Ag,Cd, In, Sn, Cs, Ba, La, Hf, Ta, W, Re, Os, Ir, Pt, Au, Hg, Tl, Pb, Fr, Ra, Ac зэрэг 42 металлууд багтана.

Хортой хүнд металл

Хүн, амьтан, ургамлын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлдэг, янз бүрийн өвчин үүсгэх эх үүсвэр болох дараах 12 хүнд металл багтана. Хар тугалга, кадми, мөнгөн ус, хүнцэл, хром, зургаан валентат хром, цайр, кобальт, никель, зэс, стронци, ванади.

Онцгой хортой органик биш бодисууд (хүнд металл)

Хар тугалга, кадми, мөнгөн ус, хүнцэл, хром, зургаан валентат хром, цианид. Эдгээр нь амьд организмд учруулах хор нөлөөлөл ихтэй, амьд организмд их хэмжээгээр орсон тохиолдолд өвчин үүсгэх улмаар үхүүлэх хүртэл аюултай.

Био- идэвхит хүнд металл

Зэс, цайр, хром, ванади, никель, стронци, цагаан тугалга, молибден, селен, бор, фтор багтах бөгөөд хортой нөлөөллийн хувьд онцгой хортой металлуудаас (Pb, Cd, Hg, As) арай бага, тодорхой хэмжээгээр амьд организмд байх ёстой боловч амьд организмд их хэмжээгээр хуримтлагдвал эндемик буюу орогномол өвчин үүсдэг аюултай.

Органик бохирдуулагч

Газрын тосны бүтээгдэхүүнүүд, цагираган бүтэцтэй нүүрс устөрөгчүүд (ЦНУ), бензапирен, хуванцар цахилгаан тусгаарлагчид ордог полихлортбифенолууд (ДПБ), шаталтын бүтээгдэхүүн болох диоксин, фуранууд орно.

Эх сурвалж: MNS 5850:2008 Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл

Хар тугалга (Pb)

Насанд хүрсэн хүний биед нэвтрэн орсон хар тугалгын 10-15%, хүүхдэд 50% нь биед хуримтлагдаж үлддэг байна. Цусанд орсон хар тугалгын 99% нь эритроциттой холбогдох бөгөөд 1% нь сийвэнд үлддэг байна. Хар тугалга нь цусны зөөлөн эдэд 40 хоног, ясанд 25 болон түүнээс дээш жил хуримтлагдах чадвартай байдаг. Хар тугалганы нөлөөллөөс цочмог, архаг хордлого үүсдэг. Цочмог хордлогын нууц үе нь хэдэн цаг байдаг бөгөөд энэ үед бие сулрах, амархан ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хямрах, архаг хордлогын үед толгой өвдөх, ой тогтоолт муудах, цус багадах, буйланд хөх зураас үүсэх зэрэг шинж тэмдэг болон мэдрэлийн талын бусад  эмгэгүүд гардагМэдрэлийн систем нь хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг бөгөөд захын мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх болон амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах зэрэг шинж илэрдэг.

Эх сурвалж: “Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд” О.Байгаль, Ш.Энхцэцэг, Б.Бурмаа

Мөнгөн ус (Hg)

Мөнгөн усаар хордсон үед ханиалгах, хоолой хорсох, амьс­­гал боогдох, давчдах, бөөлжих, төв мэдрэлийн системийн зүгээс толгой өвдөх, бие сулрах, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Хэд хоногийн дараа мөнгөн ус бүх биеэр тархсаны улмаас дээрх шинжүүд давтагдахаас гадна шүлс ихээр ялгарах онцлог шинж нэмэгдэн, цаашилбал бөөр болон тархины эд эсүүд ихээр хордож гэмтэнэ.

Ууршисан мөнгөн усаар их хэмжээгээр амьсгалж хордох үед хэдхэн цагийн дотор цээж хөндүүрлэн, хуурай ханиалган халуурч, дагжин чичирч, толгой өвдөнө. Ийнхүү биеийн байдал эрс муудсаар амьсгалын дутагдалд орж үхэлд хүрнэ. Амьсгалаар хордох нь хүн, мал амьтан түүний мэдрэмтгий чанар биеийн жинтэй шууд холбоотой тул нялх болон өсвөр насны хүн, амьтанд илүү аюултай.

Мөнгөн усаар удаан хугацаанд юм уу, эсвэл ойр ойрхон их бага хэмжээгээр өртөөд байвал хорт бодис биед хуримтлагдан, эд эрхтэнг гэмтээнэ. Шинж тэмдгүүд нь чичрэх, тайван бус байдал, сэтгэл зовнил ихсэх, сэтгэлийн хөдлөлөө барих чадваргүй болох, юм мартах, нойргүйдэх, хэт мэдрэмтгий болох, ядрах зэрэг мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт гарч, бөөрний ажиллагаа муудаж буй шинжүүд илэрнэ. Олон улсын стандартаар нэг метр куб агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг юм. Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн орно. Энэ тохиолдолд бие ихээр загатнах, хэвийн бус улайлт өгөх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрах шинж тэмдгүүд илэрдэг байна.

Эх сурвалж: Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн төв лаборатори  

Цианид (CN)

Архаг хордлого

Арьс, нүд, төв мэдрэлийн системийг гэмтээнэ. Толгой өвдөх, толгой эргэх, нойргүйтэх, ой санамж алдагдах, чичрэх, сульдах, хоолонд дургүй болох, цээжний хөндий эвгүйтэх, зүрх хурдан цохилох шинж тэмдэг илэрнэ. Нөхөн үржихүйн системд нөлөөлж болно.

Хурц хордлого

Арьс: Загатнах, түлэгдэх. Гэмтсэн арьсаар биед орвол үхэлд хүргэх аюултай.

Нүд: Түлэгдэх, гэмтэх.

Амьсгалах: Амьсгалын замын эрхтэн түлэгдэх, амьсгал боогдох, үхэлд хүрэх аюултай. Толгой өвдөх, сульдах, толгой эргэх, амьсгалахад хэцүү болох, огих, бөөлжих, зүрх судасны үйл ажиллагаа өөрчлөгдөх, ухаан алдах, татах, комд орох шинж тэмдэг илэрнэ.

Амаар уух: Уувал амьсгал боогдож үхнэ. Огиж бөөлжих ба хоол боловсруулах эрхтэн түлэгдэнэ. Мэдрэлийн систем, зүрх судасны системд нөлөөлнө.

Эх сурвалж: “Цианид, түүнийг агуулсан нэгдлүүдийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл” Л. Жаргалсайхан

Хүнцэл (As)

Хүнцлийн цочмог хордлогын үед дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, суулгах шинж илрэх ба цаашид захын мэдрэхүй алдагдах, гар хөл бадайрах, булчин сулрах ба ховор тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүнцлийн хоронд 5 ба түүнээс дээш жил өртвөл арьс, давсаг, уушгины хорт хавдраар өвдөх магадлалтай. Мөн мэдрэлийн архаг хордлого, чихрийн шижин, зүрх судасны тогтолцооны өвчний эрсдлийг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: “Хавдар үүсэхэд орчны химийн хүчин зүйлсийн нөлөө” Хавдар судлалын үндэсний төв

Хром (Cr, 3 валенттай)

Гурван валентат хром нь төмс, лууванд их хэмжээгээр дамжих ба гол төлөв хөрсний дээд давхарт (0- 25 см) агуулагддаг онцлогийг тогтоосны зэрэгцээ түүний дамжих хэмжээ нь хромын хөдөлгөөнт хэлбэрээс хамаардгийг батлав. Мөн гурван валентат хром нь хөрсийг бохирдуулаад зогсохгүй газар доорх усыг их хэмжээгээр бохирдуу­лан, байгалийн цэвэрших үйлдлийг алдагдуулдгийг туршлагаар батлав. Хром нь хөрсний сапрофит нян, актиномицет, спор үүсгэгч нянгийн ерөнхий тоог багасган, харин хөрсний мөөгөнцрийн тоог ихэсгэдэг байна. Гурван валентат хром нь хүнсний ногоо, газар доорх ус, хөрс өөрөө цэвэршихэд тааламжгүй нөлөөлдгийн зэрэгцээ амьд бие махбодод хортой нөлөөлдөг. Бие махбодын альвеолын макрофаг, элэгний үйл ажиллагаа, цус, бөөр зэрэгт хорт нөлөөтэй.

Эх сурвалж: “Хөрсөн дэх гурван валентет хромын эрүүл ахуйн үнэлэлт ба түүний бие махбодод үзүүлэх хам нөлөө” Д. Бейбатхан, Анагаах ухааны дээд сургууль

Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ нь улсын хэмжээнд уул уурхай, тэр тусмаа бичил уурхайн нөлөөлөлд өртсөн газрууд, хот суурин, үйлчилгээний байгууллагуудын орчимд хөрсний хүнд металлын болзошгүй бохирдлын хэмжилтийг Рентген флуросенцийн (XRF) багаж ашиглан гүйцэтгэдэг билээ.

Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 4 аймгийн 13 сумын нутагт нийт 200 орчим цэгт хэмжилт судалгааг хийж гүйцэтгээд байна.

hemjigch

Хөрсний хүнд металлын хэмжилтийн мэдээг Excel хэлбэрээр элемент тус бүрээр доор байрлуулав. Үүнд хэмжилт хийсэн газрын солбицол, газрын нэр, хүнд металлын агууламж, хэмжилт хийсэн хугацаа зэрэг мэдээлэл багтсан болно.

bodisХимийн хорт болон аюултай бодис

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2008 оны дугаар хамтарсан  тушаалаар Монгол улсад мөрдөгдөх химийн хорт болон аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр томъёо, тодорхойлолт, тайлбарыг агуулсан аргачлалыг боловсруулан гаргасан. /Эх үүсвэр: mne.mn/chemical/

angilal

lawlah

ХИМИЙН БОДИСЫН ЭРСДЛИЙН БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМДЭГЛЭГЭЭ

   Химийн хортой, аюултай бодис, бүтээгдэхүүний үзүүлэх хор аюул, түүнээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг товч, ойлгомжтойгоор илэрхийлэх зорилгоор химийн бодисын хаяг, шошго дээр эрсдлийн тэмдэглэгээ (R phrase),   аюулгүй байдлын (S phrase)  тэмдэглэгээг олон улс оронд хэрэглэдэг.

   Эрсдлийн тэмдэглэгээг risk гэсэн англи үгний эхний үсэг буюу R үсгээр тэмдэглэх ба тухайн үүсэх эрсдлийг тоогоор илэрхийлнэ. Жишээ нь:  R17 гэсэн эрсдлийн тэмдэглээгээний утга нь “Агаарт өөрөө шатна”.

   Аюулгүй байдлын тэмдэглэгээг S (safety) үсгээр тэмдэглэж, мөн адил тоогоор хор, аюулаас хамгаалах аргыг заана. Дэлгэрэнгүй мэдээллийг mne.mn/chemical сайтаас